БИЛЭГ ТЭМДЭГ

Байгаль, түүхийн дурсгалт газруудын онцлог

            Архангай аймгийн томоохон сумдын нэр Батцэнгэл сум  Хангайн нурууны үргэлжлэл уул, ус ургамал, мод жигдэрсэн үзэсгэлэнт Бөхөн шарын нуруу, Чингэлтэй уулын өвөр бэл дагуу уртаашаа 110 км, өргөөшөө 50-80км, нийт 353653 га талбай бүхий уудам нутгийн хамардаг. Нийт нутгийн 308368 га буюу 87,2 хувийг малын бэлчээр газар, 43751 га буюу 12,4 хувийг ойн сан бүхий газар, 572 га буюу 0,16 усан сан бүхий газар тус тус эзэлдэг.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутагт орших Дайр бор  уул нь  үзэсгэлэнт Гурван Тамирын бэлчирийн хойд хэсэгт сумын төвөөс 5 орчим км зайд зүүн урд зүгт оршино. Дайр бор уулыг 1937 оноос өмнө тахигдаж байгаад 2007 оны үед дахин сэргээж дэг жаягийн дагуу жил бүр уламжлал болгон бүх нийтээр тахиж байна.  

            Цац багийн нутагт орших Агуйтын ам нь энергийн төв гэгддэг бөгөөд сумын аялал жуулчлалын бүс болж байна. Агуй дотор хаднаас рашаан ундардаг бөгөөд эх, нялхаст их тустай. Энэхүү агуйд Монголын зурхай сүнс судлалын ухааны академийн хүндэт доктор Хувилгаан Равдандоржийн Озвой бээр хувьсгал хэлмэгдүүлэлтийн хэцүү цагт ногоон малгайтнуудаас нуугдаж нямба бүтээл үйлдэж, нутгийн олонд ач тус ихийг хүргэж  байсан гэдэг.

Тус сумын газар нутаг далайн түвшнээс дээш 1387-2200 метрт өргөгдсөн бөгөөд үүний дотор хангайн нурууны салбар Чингэлтэйн нуруу (2210м), Овгор улаан (2213м) ,Хөх чулуут (2212м), Бөхөн шар (2204м), Их уул (2219м), Бумбат (2088м), Бор Азарга (1899м) гэх мэт олон өндөр уулстай. Алдарт гурван Тамирын голоос гадна Баянцагаан, Агьт, Халзан, Улаанчулу, Бодонт, Асгат, Хөнөг, Дунд гол, Хужирт зэрэг гол горхи, Ланс, Нүүдий, Урт хөндий, Овоон шил, Эмээл толгой, Асгатын харз, Дунд нуур, Шинэ ус, Харзат, Хойд булаг, Цэнхэрийн булаг, Дэлийн булаг, Асарт, Хадат, Сөрт, Наран зэрэг булаг шанд нь байгалийн ундарга усны эх үүсвэр болдог. Мөн Цац, Хүрээ нутаг, Урт шивэрт, Наран зэрэг халуун хүйтэн рашаан устай.

Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс Чулуун зэвсгийн үеэс эхлэн Эртний нүүдэлчин төрт улсуудын үеийн бууц суурингийн үлдэгдэл, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуун хөшөө зэрэг түүх археологийн олдвор ихээхэн олдож, судлагдсан байдаг.Тус нутагт хийгдсэн судалгаагаар 32 газарт 1061 хүннүгийн үеийн булш  олдсон бөгөөд энэ нь эртний Хүннүчүүд Тамирын голын хөндийд суурьшин амьдарч байсныг нотлон харуулж байна.

Өв соёлын онцлог

            Монгол нутагт Бурханы шашин дэлгэрч, сүм хийдүүд олноор баригдсаны дийлэнх нь XIX зууны үед хамаарах ба тус суман нутагт 4 сүм хийд баригдсаны 3 нь одоо байгаа Авга дуган, Ядамын дуган, Асар дуганууд юм. Дээрхи дуганууд нь 1800-аад оны эхээр баригдаж эхлэн 1846 онд баригдаж дууссан байна. Гол хийд Лу гүний Тамирын хүрээ 1937 оны бүртгэлээр чулуу тоосгон 8, модон 2 нийлээд 10 дугантай байсан бөгөөд тоосгон туургатай, вааран дээвэртэй байжээ. Эдгэр бурхан шүтээний байгууламжийг гол төлөв монгол урчууд урлан сүндэрлүүлсэн ба дундад зууны үеийн уран барилгын загвар, түүх, соёлын үнэт бүтээлд зүй ёсоор тооцогддог.

Яйчил татах хурал Батцэнгэл сумын Тарвачинбуулин хийдээс жил бүр Яйчил татах хурлыг уламжлал болгон хурдаг. Жил бүрийн сар шинийн баяраар өргөн дэлгэр зохиогддог энэхүү хуралд сүсэгтэн олон ихээр цуглаж Яйчилын дуу сонсож, хуралд даган баясдаг билээ. Уг хурал нь нутаг орон ган зудгүй, зон олон хийгээд хамаг амьтан амар амгалан, өвчин тахалгүй байж сайн сайхан бүхнийг даатган хурдаг бөгөөд ЯЙЧИЛ-ын дууг арван гурвантаа татсанаар эдгээрийг зохилдуулж, хүн амьтан болоод эх дэлхийг амирлуулах нигууртай.

You may also like...